UMAS-ийн тухай

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, үндэсний чадавхыг бэхжүүлэх, салбар дундын судалгаа, хөгжүүлэлтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Шинжлэх ухааны академийн материаллаг бааз, лаборатори, техник, тоног төхөөрөмж, хүний нөөцөд түшиглэн ахисан түвшний сургалтын үйл ажиллагаа эрхлэх Шинжлэх Ухааны Академийн Их Сургууль (UMAS)-ийг байгуулсан.

UMAS нь сургалт, судалгаа, инновацыг нэгдмэл байдлаар хөгжүүлэх судалгаанд суурилсан ахисан түвшний их сургууль юм. Тус их сургууль нь Шинжлэх ухааны академийн оюуны чадавх, мэдлэгийн сан, судалгааны дэд бүтэц, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн нөөц боломжийг дээд боловсролтой уялдуулан, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх болон салбар дундын чиглэлээр олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай судлаач, өндөр мэргэшсэн мэргэжилтэн, эрдэмтдийг бэлтгэхийг зорьж байна. 

Мэдлэг, судалгаа, дэд бүтцийн нөөц

UMAS-ийн гол давуу тал нь Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хүний нөөц, хуримтлагдсан мэдлэг, судалгааны дэд бүтцэд шууд түшиглэн ахисан түвшний сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг. Шинжлэх ухааны Академи нь 907 үндсэн судлаач, 173 лаборатори, 7 үндэсний төв, 45 туршилт, судалгааны суурь бүхий үндэсний хэмжээний судалгааны нэгдсэн тогтолцоотой.

Энэхүү судалгааны нөөцөд түшиглэн жил бүр дотоод, гадаадын 200 орчим судалгааны төсөл хэрэгжүүлж, 5,000 орчим эрдэм шинжилгээний бүтээл хэвлэн нийтэлдэг. Мөн Web of Science, Scopus, Dimensions зэрэг олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй эрдэм шинжилгээний бүтээлийн үзүүлэлтээр Монгол Улсад тэргүүлэх байр суурь эзэлдэг нь UMAS-ийг олон улсын түвшний судалгааны их сургууль болгон хөгжүүлэх оюуны болон дэд бүтцийн бат бөх суурь болж байна.

Сургалт, хөтөлбөр, багшийн нөөц

UMAS нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, үндэсний хөгжлийн хэрэгцээтэй уялдуулан 4 магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж, 5 докторын хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байна. Одоогоор магистрын хөтөлбөрт 32 суралцагч суралцаж, докторын зэрэгтэй 35 үндсэн багш сургалт, судалгааны үйл ажиллагаанд үндсэн багшаар ажиллаж байна.

UMAS-ийн сургалтын онцлог нь танхимын сургалтыг бодит судалгаатай нягт уялдуулж, суралцагчдыг ШУА-ийн хүрээлэн, төвүүдэд хэрэгжиж буй үндэсний болон олон улсын судалгааны төсөл, хөтөлбөр, лабораторийн үйл ажиллагаанд оролцуулан судалгаагаар суралцах боломжийг бүрдүүлж байгаад оршино. Ингэснээр суралцагчид зөвхөн мэдлэг эзэмших бус, шинэ мэдлэг бүтээх, асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, инновац хөгжүүлэх чадвартай судлаач, мэргэжилтэн болгон бэлтгэнэ.

UMAS – Монголын судалгааны их сургуулийн шинэ загвар

UMAS нь Монгол Улсын шинжлэх ухаан, боловсрол, технологи, инновацын уялдааг шинэ шатанд гаргах онцлог институт юм. Шинжлэх ухааны академийн оюуны чадавх, судалгааны дэд бүтэц, үндэсний болон олон улсын хамтын ажиллагааны сүлжээнд тулгуурлан судалгааг боловсролтой, боловсролыг инновацтай, инновацыг үндэсний хөгжилтэй холбосон судалгааны их сургуулийн шинэ загварыг төлөвшүүлэхээр зорьж байна.

Цаашид UMAS нь судалгаагаар суралцаж, шинэ мэдлэг бүтээж, инновацыг хөгжүүлэх боловсролын философид тулгуурлан олон улсын жишигт нийцсэн ахисан түвшний судалгааны их сургууль болон хөгжиж, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг бэлтгэх, судалгааны үр дүнг нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах, улмаар мэдлэгт суурилсан, инновацын хөгжилд бодит хувь нэмэр оруулах үндэсний тэргүүлэх институц болно.

Судалгаа → Боловсрол → Инновац → Үндэсний хөгжил


Эрхэм зорилго

Дэлхийн түвшний судалгаа хөгжүүлэлтийг Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжилд нэвтрүүлэх, хөгжүүлэх, инновацын шинэ шийдлүүдийг бүтээх чадавхтай мэргэжилтнүүдийг бэлтгэнэ.

Алсын хараа

Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын авьяастныг бэлтгэх, хөгжүүлэх олон улсын жишиг ахисан түвшний судалгааны их сургууль болно.

16+
Судалгааны хүрээлэн
900+
Эрдэмтэн, судлаач
170+
Лаборатори, судалгааны төв
5,000+
Эрдэм шинжилгээний бүтээл (жил бүр)
50+
Олон улсын түнш байгууллага
70%
Судалгаа
30%
Сургалт

Ирээдүйн судалгааныхаа замыг эндээс эхлүүлээрэй

Магистр, докторын хөтөлбөрүүд болон элсэлтийн мэдээллийн талаар манай элсэлтийн баг танд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Холбоо барих