Ректорын мэндчилгээ

Ректорын мэндчилгээ

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, профессор багш нар, оюутан суралцагчид, хамтран ажиллагч байгууллагууд болон Монголын шинжлэх ухаан, боловсролын ирээдүйг хамтдаа бүтээж буй Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Шинжлэх ухааны академийн Их сургууль (ШУАИС) нь Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 214 дүгээр тогтоолоор шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, үндэсний судалгаа, хөгжүүлэлтийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан.

Боловсрол, шинжлэх ухаан, инновац бол мэдлэгт суурилсан нийгмийн хөгжлийн салшгүй гурван тулгуур юм. Боловсрол хүний оюуны чадавхыг хөгжүүлж, мэдлэг бүтээх үндсийг тавина. Шинжлэх ухаан шинэ мэдлэг, шинэ боломжийг нээж, улс орны хөгжлийн оюуны суурийг бүрдүүлнэ. Харин инновац нь мэдлэг, судалгааны үр дүнг бодит шийдэл, технологи, нийгэм, эдийн засгийн үнэ цэн болгон хувиргана. Иймээс боловсрол мэдлэгийг тэтгэж, шинжлэх ухаан мэдлэгийг бүтээж, инновац түүнийг хөгжил болгон хувиргана.

Энэхүү үзэл санаанд тулгуурлан ШУАИС нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын шинэ үеийн эрдэмтэн, судлаач, өндөр мэргэшсэн мэргэжилтнийг бэлтгэх олон улсын жишигт нийцсэн ахисан түвшний судалгааны их сургууль болон хөгжих алсын хараатай.

Бидний боловсролын философи нь судалгаагаар суралцаж, шинэ мэдлэг бүтээн, түүнийгээ инновацаар бодит шийдэл, нийгмийн үнэ цэн болгон хувиргах мэдлэгийн менежментийн бүтэн циклд суурилна. Ийм орчинд суралцагч нь бэлэн мэдлэгийг хүлээн авагч бус, мэдлэг бүтээгч, инновац хөгжүүлэгч болон төлөвшинө.

ШУАИС-ийн сургалтын загвар нь 70 хувь судалгаа, 30 хувь танхимын сургалт гэсэн бүтэцтэй. Оюутан бүр бодит судалгааны төсөлд оролцож, судалгаа, хөгжүүлэлтийн төсөл хэрэгжүүлж буй эрдэмтэн багшийн удирдлага дор лаборатори болон хээрийн судалгаанд ажиллан, судалгааны үр дүнгээ эрдэм шинжилгээний бүтээл, технологи, инновацын шийдэл болгон хөгжүүлэх боломжтой.

ШУАИС бол нэг кампус, нэг танхимаар хязгаарлагдах уламжлалт их сургууль биш. Харин “Нэг их сургууль – Олон хүрээлэн, төв – Нэгдсэн сургалт, судалгааны экосистем” гэсэн өвөрмөц загвартай. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн 16 хүрээлэн, 173 лаборатори, 7 үндэсний төв, 45 туршилт, судалгааны суурин нь манай суралцагчдад бодит судалгааны орчинд ажиллаж, үндэсний болон олон улсын төсөлд оролцон, ахисан түвшний мэдлэг, судалгааны ур чадвар эзэмших өргөн боломжийг бүрдүүлж байна.

ШУАИС-ийн эрхэм зорилго нь зөвхөн боловсролын зэрэг олгоход бус, Монгол Улсад тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, судалгаа, шинэ мэдлэг, инновацын шийдлээр шийдвэрлэх чадвартай шинэ үеийн мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, манлайлагчдыг бэлтгэхэд оршино.

“Шинжлэх ухаанд суурилсан боловсрол – Инновацад суурилсан хөгжил” уриан дор бид Шинжлэх ухааны академийн оюуны чадавх, судалгааны нөөцөд түшиглэсэн, олон улсын жишигт нийцсэн Монголын шинэ үеийн судалгааны их сургуулийн загварыг хамтдаа төлөвшүүлнэ.

Та бүхнийг Монголын шинжлэх ухаан, боловсролын ирээдүйг хамтдаа бүтээх ШУАИС-ийн эрдмийн хамт олонтой нэгдэхийг урьж байна.

Хүндэтгэсэн,

Доктор (ScD), Профессор Доржготовын Баттогтох
Ректор,
Шинжлэх ухааны академийн Их сургууль (UMAS)