ҮЙЛ ЯВДАЛ

UMAS, UCAS-ИЙН ЭРДЭМТЭД COP17-ЫН ХҮРЭЭНД ХАМТАРСАН ХЭЭРИЙН СУДАЛГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хамтарсан судалгааны хүрээнд Монгол орны тал хээрийн бүсэд ажиллаж, бэлчээрийн төлөв байдал, газрын доройтол, цөлжилтийн үйл явц, ургамлын бүрхэвч болон экосистемийн өөрчлөлтийн талаар хээрийн ажиглалт, судалгаа хийв. Мөн бэлчээр, цөлжилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй суурин судалгааны үйл ажиллагаатай танилцаж, урт хугацааны мониторинг, хээрийн судалгааны арга зүй, мэдээлэл солилцох боломжийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй мод тарилтын зарим талбайд ажиллаж, тарьсан модны өнөөгийн төлөв байдал, ургалт, арчилгаа, хамгаалалт болон орчны нөхцөлтэй газар дээр нь танилцав.

Хээрийн судалгааны үеэр ШУАИС, ХШУАИС, ШУА-ийн ГГХ-ийн эрдэмтэд цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн экосистем, нөхөн сэргээлт болон тогтвортой газрын менежментийн чиглэлээр цаашид хамтран ажиллах боломж, судалгааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар хэлэлцэв.

Хамтарсан хээрийн судалгааны үр дүнд хоёр тал судалгааны хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргаж, Монгол орны бэлчээрийн тогтвортой менежмент, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтарсан төслийн санал боловсруулан, хэрэгжүүлэх боломжийг хамтран судлахаар тохиролцлоо.

Энэхүү хээрийн судалгаа нь UNCCD COP17-ын хүрээнд ШУА, ШУАИС, ХШУАИС-ийн эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны мэдээлэл, арга туршлага солилцох, цаашдын урт хугацааны хамтарсан судалгааны суурийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Мэдээ, үйл явдал