МЭДЭЭ

🇲🇳🇰🇷 ШУА-ИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД USTIC 2026 ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

БНСУ-ын Дэжон хотноо 2026 оны 10 дугаар сарын 1–2-ны өдрүүдэд USTIC 2026 – Unlimited Science & Technology International Conference олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна.

“Across Disciplines, Across Schools, Across Nations” уриатай тус хуралд 500 орчим эрдэмтэн, судлаач, багш, оюутан болон олон улсын түнш байгууллагын төлөөлөл оролцож байна.

Тус хурлыг ШУА-ийн Их Сургуулийн (UMAS) түнш байгууллага болох БНСУ-ын University of Science and Technology (UST) зохион байгуулж байгаа бөгөөд UMAS-аас сургуулийн удирдлага, багш, судлаач, магистр, докторын оюутнуудын төлөөлөл оролцож байна.

USTIC 2026 нь шинжлэх ухааны салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны шинэ үр дүн, дэвшилтэт технологийн чиг хандлагыг хэлэлцэх, залуу судлаачдад судалгааны ажлаа олон улсын түвшинд танилцуулах боломж бүрдүүлэх, их сургууль–судалгааны байгууллага–аж үйлдвэрийн салбарын харилцаа болон олон улсын академик сүлжээг бэхжүүлэхэд чиглэж байна.

Хурлын хүрээнд дэлхийн нэр хүндтэй эрдэмтдийн пленар илтгэл, төрөлжсөн салбар хуралдаанууд, аман болон постер илтгэл, үзэсгэлэн, үйлдвэрлэлтэй уялдсан тусгай лекц, networking арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Залуу судлаачид судалгааны үр дүнгээ олон улсын түвшинд танилцуулж, экспертүүдээс шууд санал, зөвлөмж авах боломжтойгоор хурлын хөтөлбөрийг зохион байгуулжээ.

🎓 UMAS-ийн багш, оюутан, судлаачид судалгааны үр дүнгээ танилцуулж байна

USTIC 2026 олон улсын хурлын үеэр ШУА-ийн Их Сургуулийн оюутнууд байгалийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи, археологи, усны судалгаа зэрэг олон чиглэлээр хийсэн судалгааны ажлынхаа үр дүнг танилцуулж байна. Үүнд:

- Х. Тэмүүлэн – “Mongolian Language Based Text-to-Speech Model Using VITS2”

- Д. Билэгдэмбэрэл – “Brain Signal-Based Robot Control System”

- М. Ууганбаяр – “Study of Buddhist Temple Roof-End Tiles Discovered at the Ruins of Kharkhul Khan’s Palace”

- С. Эрдэнэчимэг – “Water Quality Assessment around the Erdenet Tailings Pond”

- Н. Билгүүтэй – “Morphological Model Based on Transformer and LSTM for Mongolian Cyrillic Script”

- Н. Баатар – “A Transformer-Based End-to-End OCR System for Traditional Mongolian Script”

- Н. Хишигжаргал – “Mongolian Language Based Text-to-Speech Model Using Wav2Vec2”

Эдгээр судалгааны ажлууд нь хиймэл оюун ухаан ба Монгол хэлний технологи, тархины сигналд суурилсан робот удирдлага, археологи, усны чанар ба байгаль орчны судалгаа зэрэг өргөн хүрээг хамарч байгаа нь UMAS-ийн судалгаанд суурилсан ахисан түвшний сургалтын онцлогийг олон улсын түвшинд харуулж байна.

Тус хуралд мөн Японы SOKENDAI (The Graduate University for Advanced Studies), БНХАУ-ын University of Chinese Academy of Sciences (UCAS) зэрэг UST болон UMAS-ийн түнш, судалгаанд суурилсан их сургуулиудын төлөөлөл оролцож байна. Хурлын үеэр эдгээр их сургуулийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар болон БНСУ-ын үндэсний судалгааны хүрээлэнгүүдийн удирдлагууд уулзаж, ахисан түвшний сургалт, хамтарсан судалгаа, багш, судлаач, оюутны солилцоо болон институц хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож байна. Ийнхүү USTIC 2026 нь зөвхөн эрдэм шинжилгээний үр дүнг танилцуулах төдийгүй Ази дахь судалгаанд суурилсан их сургуулиуд болон үндэсний судалгааны хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааны сүлжээг бэхжүүлэх чухал талбар болж байна.

USTIC 2026-д UMAS-ийн удирдлага, багш, судлаач, оюутнуудын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа нь залуу судлаачдыг олон улсын академик орчинд гаргах, судалгааны үр дүнгээ олон улсын түвшинд танилцуулах, судалгаанд суурилсан ахисан түвшний сургалтыг хөгжүүлэх, UST болон Азийн тэргүүлэх судалгааны их сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.



Мэдээ, үйл явдал