МЭДЭЭ

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ИХ СУРГУУЛЬ, ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Их сургууль (ШУАИС) болон Дотоод хэргийн их сургууль (ДХИС) 2026 оны есдүгээр сарын 18-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

🖋️Санамж бичигт ШУАИС-ийн ректор, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Баттогтох, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд нар гарын үсэг зурав.

Гарын үсэг зурах ёслол Дотоод хэргийн их сургуулийн “Сүлдэт” танхимд болж, хоёр их сургуулийн удирдлага болон холбогдох албан тушаалтнууд оролцон санал солилцлоо.

Санамж бичгийн хүрээнд талууд профессор, эрдэмтэн, судлаачдын оюуны нөөц, судалгааны дэд бүтэц, лабораторийн чадавхад тулгуурлан улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн салбарын болон салбар дундын судалгаа хэрэгжүүлэхээр тохиролцов. Түүнчлэн төрийн бодлого боловсруулахад шинжлэх ухааны үндэслэл бүхий зөвлөмж өгөх, дотоод аюулгүй байдал, хууль сахиулах үйл ажиллагаа, гамшиг, эрсдэлийн удирдлага болон тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тогтлоо.

Цаашид дараах ажлуудыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэхээр тогтлоо. Үүнд:

✅ ШУАИС-ийн хэрэгжүүлж буй хиймэл оюуны ахисан түвшний сургалтын хөтөлбөрт ДХИС-ийн харьяа байгууллагын албан хаагч, судлаач, суралцагчдыг хамруулах;

✅ өгөгдлийн шинжилгээ, дата аналист болон гамшгийн эрсдэлийн тооцооллын чиглэлээр хамтарсан сургалтын хөтөлбөр санаачлан боловсруулж, батлуулах;

✅ бүсчилсэн хөгжил, орон зайн төлөвлөлтийн чиглэлээр хамтарсан судалгааны төсөл санаачлан хэрэгжүүлэх;

✅ хиймэл оюун, өгөгдлийн шинжилгээ, гамшиг болон эрсдэлийн удирдлага, инновацын чиглэлээр хамтран ажиллах;

✅ лабораторийн чадавх, мэдээллийн нэгдсэн сан, шинжлэх ухааны өгөгдлийн нөөцийг хамтран ашиглах боломжийг бүрдүүлэх;

✅ хамтарсан бүтээл хэвлүүлэх, патент болон инновацын бүтээгдэхүүн бий болгох;

✅ үндэсний болон олон улсын төсөл, экспедиц, эрдэм шинжилгээний хуралд хамтран оролцох.

Энэхүү хамтын ажиллагаа нь ШУАИС-ийн багш, эрдэмтэд, ШУА-ийн хүрээлэн, төвүүдийн судалгааны чадавх, лаборатори, мэдээллийн нөөцийг ДХИС-ийн сургалт, судалгаа болон практик байгууллагуудын хэрэгцээтэй уялдуулах ач холбогдолтой. Мөн суралцагчдыг зөвхөн мэдлэг эзэмшүүлэх бус, шинэ мэдлэг бүтээх, бодит асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, инновац хөгжүүлэх чадвартай судлаач, мэргэжилтэн болгон бэлтгэхэд чухал түлхэц болно.

Мэдээ, үйл явдал