МЭДЭЭ

MAS–UMAS–UCAS ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

Уулзалтад Монголын талаас ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, ШУА-ийн Их сургуулийн Ерөнхийлөгч, доктор (ScD), профессор Д.Баттогтох болон холбогдох албан тушаалтнууд, БНХАУ-ын талаас UCAS-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич, профессор Yanfen Wang тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Уулзалтын үеэр талууд хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх, судлаач, оюутны солилцоог өргөжүүлэх, байгууллага хоорондын урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Уулзалтаар онцлон хэлэлцсэн асуудлын нэг нь UMAS болон UCAS-ийн хөгжлийн загварын ижил төстэй байдал байлаа. Монгол Улсын Засгийн газар, тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яамны бодлогоор Монгол Улсын ШУА-ийн эрдэм шинжилгээний мэдлэг, хүний нөөц, судалгааны хүрээлэн, лаборатори, дэд бүтцийн нөөцөд түшиглэн UMAS-ийг байгуулсан бөгөөд тус их сургууль нь UCAS-ийн нэгэн адил судалгаанд суурилсан ахисан түвшний боловсролын тогтолцоог хөгжүүлэх зорилготой.

Энэ хүрээнд магистр, докторын сургалтад төвлөрөх, ШУА-ийн хүрээлэн, лабораториудыг сургалт, судалгааны үндсэн бааз болгох, эрдэмтэн судлаачдыг сургалтад шууд оролцуулах, суралцагчдыг үндэсний болон олон улсын бодит судалгааны төслүүдэд хамруулах замаар “сургалт–судалгаа–инновац”-ыг нэг тогтолцоонд хөгжүүлэх нь UMAS-ийн хөгжлийн үндсэн чиглэл болохыг онцлов.

Монгол Улсын ШУА болон Хятадын ШУА (CAS)-ийн олон жилийн шинжлэх ухааны хамтын ажиллагааны бат бөх суурь дээр тулгуурлан UMAS–UCAS-ийн ахисан түвшний боловсрол, судалгааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар талууд санал нэгдэв.

Цаашид UMAS-ийн багш, залуу судлаачдыг UCAS болон CAS-ийн хүрээлэн, лабораториудад богино болон дунд хугацааны судалгаа, чадавхжуулах хөтөлбөрт хамруулах, UCAS-ийн профессор, CAS-ийн эрдэмтдийг UMAS-ийн сургалт, судалгаанд оролцуулах, хамтарсан магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, зарим чиглэлээр "joint/double degree", оюутны "co-supervision" тогтолцоог хөгжүүлэх талаар ярилцав.

Түүнчлэн хамтарсан зуны сургалт зохион байгуулах, UMAS-ийн шилдэг магистр, докторын оюутан, залуу судлаачдад UCAS болон CAS-д суралцах, судалгаа хийх тэтгэлэг, тусгай квот, лабораторийн дадлагын боломж бий болгох, хоёр улсын шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдээр хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны баг, лаборатори байгуулж, багш–судлаач–оюутны тогтмол солилцоог хөгжүүлэх боломжуудыг хэлэлцлээ.

Уулзалтаар дараах тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов

Уулзалтын үр дүнд талууд байгалийн шинжлэх ухааны тодорхой тэргүүлэх чиглэлүүдээр профессор, судлаачдын хамтарсан баг бүрдүүлж, төсөл хэрэгжүүлэх, улмаар төсөлд суурилсан сургалтын зарчмаар магистр, доктор, залуу судлаачдыг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн UMAS-ийн санал, сонгон шалгаруулалтын үр дүнд үндэслэн жил бүр ахисан түвшний сургалтын таваас доошгүй тэтгэлгийг UCAS-аас олгох боломжийг судлан, хэрэгжүүлэхээр тогтов.

Монгол Улсын хүрээлэн буй орчин, экологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтарсан болон олон улсын судалгааны төсөл санаачлан хэрэгжүүлэх, хамтарсан сургалт, судлаачдыг чадавхжуулах хөтөлбөрийн санал боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Эдгээр ажлыг Монгол–Хятадын уламжлалт шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагаатай уялдуулан, "судалгаа → ахисан түвшний боловсрол → хүний нөөц → инновац → бодит асуудлын шийдэл" гэсэн нэгдмэл зарчмаар хөгжүүлэх нь цаашдын хамтын ажиллагааны гол чиглэл байхаар тогтов.

Дашрамд дурдахад, Хятадын ШУА-ийн Их сургууль (UCAS) нь судалгаанд суурилсан их сургуулийн дэлхийн тэргүүлэх загваруудын нэг юм. Nature Index 2026 Research Leaders-ийн үзүүлэлтээр UCAS нь байгалийн шинжлэх ухааны чиглэлээр дэлхийн академик байгууллагуудаас 2 дугаарт, Earth & Environmental Sciences чиглэлээр мөн академик байгууллагуудаас 2 дугаарт эрэмбэлэгдэж байна. Харин UCAS-ийн судалгааны үндсэн суурь болох Chinese Academy of Sciences (CAS) нь байгалийн шинжлэх ухааны байгууллагуудын дэлхийн жагсаалтыг №1-т тэргүүлж байна.

Энэхүү уулзалт нь Монголын залуу судлаачид, магистр, докторын оюутнуудад дэлхийн тэргүүлэх судалгааны орчинд суралцах, судалгаа хийх шинэ боломжийг нээх чухал алхам боллоо.

Шинжлэх ухаанд суурилсан боловсрол

Мэдээ, үйл явдал