АЗИЙН ГАЗАРЗҮЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БНХАУ-ЫН НАНЖИН ХОТОД БОЛЖ БАЙНА
2026 оны 10 дугаар сарын 22–23-ны өдрүүдэд БНХАУ-ын Нанжин хотноо Азийн газарзүйн холбоо (Asian Geographical Association – AGA)-ны Удирдах зөвлөлийн хурал (AGA Council Meeting 2026) болон Азийн газарзүйн хөгжлийн форум (Asian Geography Development Forum 2026) зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээнд Азийн 30 улсын газарзүйн нийгэмлэг, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн төлөөлөл, нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцож, бүс нутгийн газарзүйн шинжлэх ухааны хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, судалгааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцож байна.
🇲🇳 Монгол Улсыг төлөөлөн Монголын газарзүйн нийгэмлэгийн тэргүүн, Шинжлэх ухааны академийн Их сургуулийн Ректор, доктор (Sc.D.) Д.Баттогтох оролцож байна.
10 дугаар сарын 22-нд болсон AGA-ны Удирдах зөвлөлийн хурлаар 2022–2026 оны үйл ажиллагааны тайлан, ажлын хэсгүүдийн үр дүн, гишүүнчлэлийн асуудал болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэж, ирэх дөрвөн жилд холбоог удирдан ажиллах шинэ Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нар болон Удирдах бүрэлдэхүүнийг сонголоо.
10 дугаар сарын 23-нд зохион байгуулагдаж буй Азийн газарзүйн хөгжлийн форумаар уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэл, гео-орон зайн технологи, газарзүйн боловсрол, байгаль орчны судалгаа зэрэг бүс нутгийн нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг тодорхойлж байна.
Энэхүү арга хэмжээ нь Монголын газарзүйн шинжлэх ухааны олон улсын оролцоог нэмэгдүүлэх, Азийн орнуудын газарзүйн нийгэмлэгүүдтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтарсан судалгаа, залуу судлаачдын солилцоо, чадавх бэхжүүлэх шинэ боломжуудыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
